KiVa хөтөлбөрийг дээрэлхэх үзэгдэл болон түүний арга замуудын тухай хэдэн арван жилийн турш судалсан мэргэжилтнүүд боловсруулсан. Хөтөлбөр боловсруулалтын багийг Финландын Туркугийн Их Сургуулийн PhD, профессор Кристина Салмивалли болон PhD, тусгай судлаач Элиса Поскипарта нар удирдсан.
Финланд улс даяар эрчимтэй хэрэгжүүлж эхлэхийн өмнө болон дараа аль алинд нь KiVa – с өөр ямар ч дээрэлхлийн эсрэг хөтөлбөрийг ийм тууштай судалж байгаагүй. Энэхүү хөтөлбөр нь дээрэлхэлд өртсөн хүүхэд өөрөө мэдээллэсэн, болон бусад үе тэнгийнхний мэдээллэсэн дээрэлхлийн тохиолдлын аль алинийг үр дүнтэй бууруулдаг болох нь нотлогдсон.
Финландын 200 гаруй сургуулийн мэдээллээр хөтөлбөр хэрэгжүүлсний эхний жилд бүх төрлийн дээрэлхлийг эрс бууруулсан байна. Мөн сургуульдаа дуртай байх, сурах хүсэл, сурлагын амжилтын үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлсэн. KiVa нь сэтгэл түгшүүрийг бууруулж, сурагчдын үе тэнгийнхнийгээ ойлгох байдалд эерэг нөлөөтэй. Сургуулийнхаа KiVa багтай хамтран дээрэлхэлд өртсөн асуудлаа шийдвэрлүүлсэн сурагчдын 98% нь нөхцөл байдал сайжирсан гэж мэдэрсэн.
KiVa хөтөлбөр бусад улс орнуудад ч үр дүнтэй болох нь олон төрлийн судалгаагаар тогтоогдсон. Нидерланд, Эстони, Итали болон Уэльс зэрэг улсад KiVa хөтөлбөрийн талаар судалгаа хийгдсэн нь хөтөлбөрийн эерэг үр дүнг улам баталгаажуулж байна.
KiVa хөтөлбөр нь 2009 онд Европын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шагнал, 2012 онд Нийгмийн бодлогын шилдэг нийтлэлийн шагнал, мөн 2008, 2010, 2011, 2012 онд Финланд улсад дөрвөн Үндэсний шагнал хүртсэн.
KiVa хөтөлбөрийн үр нөлөөтэй холбоотой судалгаануудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж Англи хэлээр уншина уу.